Хүний арьс нь төрөлхийн агшиж сунах уян хатан шинж чанартай байдаг. Тэрхүү шинж чанар нь муудаад  ирэхээр арьс тэлж, сунадаг ба буцаж агшихгүй суларч унжин үрчлээ, хөгшрөлт үүсч эхэлдэг байна.

Арьсны уян хатан байдал нь хөгшрөлт, огцом жин хасах, хуурайшилт, арьсны нөхөн төлжилтийн удаашрал зэрэг олон зүйлээс шалтгаалан багасдаг. Тиймээс арьсныхаа уян хатан чанарыг нь дээшлүүлж, арьсаа чангалахад тус болох доорхи энгийн боловч үр дүнтэй аргуудыг туршаад үзээрэй.

Биеийг залуугаас нь гамна, хувцсыг шинээс нь гамна гэдэг шүү дээ. Аль болох үрчлээ, зураас үүсэхээс өмнө арьсаа арчилж сурах нь хамгийн чухал юм.

Арьсаа гуужуулах

Нүүр болон биеийн зориулалтын зөөлөн сойз ашиглаж өдөр бүр арьсаа гуужуулах нь арьсны өнгөн давхарга дахь үхэжсэн хэсгийг арилгаж, цусны эргэлтийг сайжруулдаг сайн талтай. Мөн түүнчлэн сул, унжсан арьсыг чангалахад тустай юм.

  • Өглөө бүр шүршүүрт орохдоо гуужуулагч сойз ашиглан арьсаа зөөлөн үрж байх
  • Гар, хөлийн арьсаа үрэхдээ хөлийн улнаас гуяа хүртэл, бугуйнаас мөрөө хүртэл үргэлж дээшээ чиглэлтэй үрэх
  • Арьсныхаа сул унжсан хэсгийг сайн гэхдээ зөөлөн үрэх
  • Мөн түүнчлэн гэрийн нөхцөлд гуужуулагч гель, тос хэрэглэж болох боловч өдөр бүр хэрэглэх нь зохимжгүй юм. Ихэнх гуужуулагч бүтээгдэхүүнийг долоо хоногт 1-2 удаа хэрэглэх заалттай байдаг ба нүүрэндээ зөөлөн ширхэггүй гуужуулагч хэрэглэвэл тохиромжтой.

Коллаген болон эластины хэмжээг нэмэгдүүлдэг арьс чангалах тос хэрэглэх

Коллаген болон эластин нь арьсны уян хатан байдлыг дэмжиж өгдөг арьсны уураг юм. Таны арьс суларч унжиж эхэлсэн бол зайлшгүй коллаген, эластины хэмжээг нэмэгдүүлдэг тос сонгох хэрэгтэй.

  • Найрлаганд нь ретинол болон хилароуны хүчил агуулсан тос
  • Үрэвслийн эсрэг болон арьс чангалах давхар үйлчилгээтэй /DMAE-dimethylaminoethanol/- орц бүхий тос
  • Зуун наст нь коллагений нийлэгжилтэнд сайнаар нөлөөлдөг тул зуун наст агуулсан тос хэрэглэх

Витамины найрлага бүхий чийгшүүлэгч хэрэглэх

Арьс чийгтэй байх тусмаа зөөлөн уян хатан байдаг. Витамин А, Е, С болон шар буурцагны уураг агуулсан чийгшүүлэгч хэрэглэх нь арьсыг чангалж, үрчлээг багасгадаг байна. Ийм чийгшүүлэгчийг арьсныхаа асуудалтай хэсэгт өдөр бүр түрхэж хэрэглэх нь тохиромжтой.

  • Хэрэв та байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг бол кокосын тос маш сайн чийгшүүлэгч болдог байна.

Өндөгний цагаанаар нүүрэндээ маск тавих

Гэрийн нөхцөлд арьс чангалах өөр нэг энгийн арга бол өндөгний цагаан ашиглан нүүрэндээ иллэг хийж маск тавих юм. Өдөр бүр өндөгний цагааныг нүүрэндээ түрхээд хатсаных нь дараа усаар зайлаад байхад л та өөрийн арьсаа чангарч байгааг анзаарч эхэлнэ.

Амьдралын хэмнэлээ зохицуулах

  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Хангалттай ус уух
  • Тамхи татахгүй байх
  • Уураг агуулсан бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэх
  • Нарнаас хол байх
  • Сульфат агуулсан савангийн хэрэглээг багасгах-Угаалгын нунтаг, шампунь, биеийн шингэн саван, аяга таваг угаагчинд сульфат агуулагддаг бөгөөд энэ нь хүчтэй цэвэрлэгч бодис ба арьсыг хуурайшуулж, үрчлээ үүсгэж унжихад нөлөөлдөг
  • Нүүрний иог хийх, массаж хийх
  • Усанд сэлснийхээ дараа хлороо арилгаж шүршүүрт орох. Зарим төрлийн шампунь савангийн найрлаганд үс, биенээс хлорыг арилгах зориулалттай бодис орсон байдаг.