Байгаль эх бидэнд эрүүл, үзэмж төгөлдөр байх бүх боломжийг бүрдүүлж өгсөн билээ. Байгалийн энэ гайхамшигт нууц ‘жор’-ыг танин мэдэхийн тулд эртнээс эрэл хайгуул хийсээр хүн төрөлхтөн өдийг хүрчээ.

Одоо цагт хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг ‘Natural’ юм уу ‘Organic’ гэгдэх найрлагатай бүтээгдэхүүнүүд нь үнэндээ хүний биед огт сөрөг нөлөөгүй гэж баталж байгаа хэрэг биш юм. Харин байгалийн гаралтай буюу ургамал, амьтнаас янз бүрийн аргаар гаргаж авсан өөрөөр хэлбэл химийн урвалын үр дүнд гаргаж аваагүй гэдэг утга л илэрхийлнэ. Тэглээ ч энэ ойлголт сөрөг нөлөө багатай гэсэн итгэлцэл дагуулж байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Зарим бүтээгдэхүүн он удаан жилийн шалгарлыг давж хүмүүс бидний хэрэгцээнд бүрнээ нийцсэн байдаг ба эдгээрийн төлөөллөөс та бүхэндээ танилцуулахад таатай байна.

1. Coconut Oil

Наргил модны самрын тос нь гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүний найрлагад ихээр ордог. Арьсны өнгөц давхарга (эпидермис) -ийн бүтцийг сэргээх, үхсэн эсүүдийг гуужуулах, наранд түлэгдэхээс сэргийлэх үйлдэлтэй. Мөн бактери, вирус, мөөгөнцөр зэргийн эсрэг, антиоксидант (хэт исэлдэлтийн эсрэг) шинж чанартай. Эрдэмтэд арьсны өнгөц давхаргыг гэмтээдэг атопийн дерматит зэрэг архаг өвчлөлийн үед хэрэглэхэд үр дүнтэй байгааг ч тэмдэглэсэн байдаг. Арьснаас гадна үсэнд ч цэвэрлэх (нян, мөөгөнцрөөс), чийгшүүлэх, шархны эдгэрэлтийг түргэсгэх үйлдэлтэйг нэмж өгүүлэхэд таатай байна. Сүүлийн үед хүнсэнд тогтмол хэрэглэхэд зохимжгүй гэсэн мэдээлэл гарч байна. Учир нь найрлагадаа ханасан тосны хүчил ихтэй байдгаас судас хатуурал өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлд тооцогдоно гэж эрдэмтэд тайлбарладаг. Арьсанд хэрэглэх, хүнсэнд хэрэглэх ялгаатай ойлголт учраас гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад байвал санаа зоволтгүй, хэрэглэн үр дүнг нь мэдрээрэй.

2. Tea Tree Oil

Цайны модыг (Melaleuca alternifolia-зүйлийн латин нэр) Австраличууд олон зуун жилийн турш арьсны улайлт, үрэвсэлд хэрэглэж ирсэн. Батганы эмчилгээнд хэрэглэдэг зарим бүтээгдэхүүний адилаар цайны модны тос харшил үүсгэж болох талтайг (ховор тохиолдолд) дурдах хэрэгтэй. Цайны модны тосны найрлага дахь үндсэн бодис terpene чухамдаа мөөгөнцөр, бактерийн эсрэг, үрэвсэл, улайлт дарах эмчилгээний үйлдэл үзүүлдэг байна. Ийм цайны навчны тусламжтайгаар гэрийн нөхцөлд ч батганы эмчилгээ хийж болдог юм.

3. Apple Cider Vinegar

Алимны дарсан шүүсийг дотор эрхтний өвчлөлөөс шалтгаантай батгыг эмчлэх, арьс цэвэрлэх зорилгоор хэрэглэдэг. Мөн энэ шүүсийг илүүдэл жинг багасгах, чихрийн шинжин өвчний үед сахар бууруулах зорилгоор хэрэглэж байна. Ууж хэрэглэхэд хоол боловсруулах замын хорт бодисыг саармагжуулах, элэгний үйл ажиллагааг сэргээх, гэдэсний ашигтай нянг тэнцвэржүүлэх нөлөө үзүүлдэг байна.

4. Raw Honey

Цэвэр зөгийн бал (түүхий) нь байгалиас заяасан хосгүй тэжээл, фермент, витамин, арьс арчилгааны бүтээл билээ. Цэвэр зөгийн бал бие махбодод дараах үйлдэл үзүүлнэ. Үүнд: Шархны эдгэрэлтийг түргэсгэх, халдварын эсрэг, чийгшүүлэгч, хөгшрөлтийн эсрэг, харшил тууралтын эсрэг, сорив үүсэлтийг багасгах зэргээр арьсанд сайн нөлөөтэй. Цэвэр зөгийн бал агуулсан бүтээгдэхүүнүүдийг хагны эсрэг, хүүхдийн живхний харшлын эсрэг, хайрст үлдийн эмчилгээ зэрэгт хэрэглэж байна. Цэвэр зөгийн бал гэдэг нь хүнсний дэлгүүрийн лангуун дээрх шиг өндөр температурт боловсруулаагүй, хольцгүй, ариутгаагүй байдлыг хэлнэ. Эдгээр боловсруулалтын үр дүнд зарим ашигтай бодис задарч үгүй болдог юм. Та бүхэнд гэрийн нөхцөлд ашиглаж болох энгийн зөвлөгөөг хүргэж байна. Цэвэр зөгийн бал 1/2 халбага авч 2 алганы завсар үрж бүлээн болгоно. Бүлээн болмогц нүүрний арьсандаа жигдхэн түрхэн 10 минут байлгаад бүлээн усаар зайлж угаана. Ингэснээр таны арьсны хуучирч гуужсан эсийг цэвэрлэх сэргээх үйлдэл гарна. Энэ аргыг мэдрэг, холимог арьстай хүн хэрэглэж ч болно.

5. Sea Salt

Далайн давсны найрлагад олон янзын эрдэс тухайлбал магни, кальци, натри, кали зэрэг элементүүд байдаг төдийгүй хүний биеийг бүрдүүлж буй эсийн найрлагатай тун төстэй харьцаатай байдаг учраас арьсыг хамгаалах, нөхөн сэргээх үйлдэл үзүүлдэг байна. Дээр нь арьсны тосны балансыг сайжруулж, арьс тайвшруулах, арьсны үхэжсэн хэсгийг цэвэрлэх, чийгшлийн түвшинг тэнцвэржүүлэх нөлөө үзүүлдэг. Нэгэнт далайн давс олдоц ихтэй болсон учраас гэрийн нөхцөлд арьс цэвэрлэх, төлжүүлэх үйлдэлтэй скраб хийх аргыг танилцуулж байна. 2 халбага далайн нарийн нунтагласан давс, 4 халбага цэвэр зөгийн бал авч хутган жигд тогтоцтой болгоно. Нүүрээ цэвэрлэсний дараа бэлдсэн скрабаа нүүрэндээ түрхэн зөөлөн үрнэ. Ингээд 15 минут байлгаад бүлээн усаар зайлж угаана. Энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны батга багасгаж, арьс нөхөн сэргэх болно.

6. Avocado

Авокадо жимс нь тослог ихтэйгээс гадна тосонд уусдаг витамин А, Д, Е-ээр баялаг төдийгүй эдгээр нь арьсанд гүн шингэж чадвар бусдаас онцгой сайн байдаг. Авокадо жимсний найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнүүд толбо арилгах, арьсны коллагений хэмжээг ихэсгэн үрчлээнээс хамгаалах, түүнчлэн наранд түлэгдэхээс хамгаалах үйлдэлтэй байна. Арьсанд түрхэж хэрэглэхэд арьсны үрэвсэл дарагдахаас гадна хүнсэнд хэрэглэхэд ч арьсанд тустай байна.

7. Lemon Essential Oil

Арьсны үрэвсэл үүсгэдэг янз бүрийн бактерийг устгах үйлдэлтэй. Зарим арьсны нүхжилт, батгашилын үед арьс нянгаар ихээр бохирлогдсон байдаг. Ингэж үрэвсэж хүндэрсэн арьсанд лимоны эссенциал тос хэрэглэвэл мэдэгдэхүйц үр дүн өгдөг. Энэ тосыг бас сорив, насжилтаас үүссэн толбо бүдгэрүүлэх, арьс шингэрүүлэн, үрчлээ тогтохоос сэргийлж хэрэглэнэ. Тус тосны шүд цайруулагч, угаалга цэвэрлэгээний бүтээгдэхүүн, целлулитийн тос, нүүр угаагч зэргийн найрлагад оруулсан байдаг. Шууд арьсанд түрхэж массажлан хэрэглэх ч боломжтой. Үсэнд түрхэж хэрэглэвэл үсний өнгийг сэргээнэ.

8. Argan Oil

Морокко улсад ургах энэ самарснаас тэд олон үе дамжин хэрэглэж ирсэн эмчилгээний тос гаргаж авсан байна. Энэ тосонд Витамин А, Е, олон төрлийн антиоксидантууд, омега-6, ланолины хүчил агуулагдана. Арган арьсыг сайн чийгшүүлэгч төдийгүй, үсний өнгийг сэргээж, гялалзсан эрүүл сайхан болгоно.

9. Aloe Vera

Ихэнх хүмүүс зуун настыг наранд түлэгдсэн арьсанд тавьж хэрэглэдэг гэдгийг мэддэг бол арьсны загатнаа, улайлт, үрэвсэл дарах арьс амраах,бактери устгах үйлдэлтэйг тэр бүр мэддэггүй. Хятадын анагаах ухаанд арьсны олон янзын өвчин эмчлэхэд хэрэглэж байсны дотор мөөгөнцөр өвчинг хүртэл эмчилдэг байжээ.

Сүүлийн үеийн судалгаагаар наранд түлэгдсэн арьсны нөхөн төлжүүлж, хорыг гадагшлуулж байгаа нь харагджээ. Ууж хэрэглэхэд зарим төрлийн хавдрын хэмжээ багасаж, элэг, дэлүүнд үүссэн шимэгч хорхойн хэмжээг бууруулж байв.

Зуун нас ургамлын төрлөөс хамгийн сайн нь Aloe barbadensis miller гэдэг зүйл ба 75 гаруй үрэвслийн эсрэг, витамин, эрдэс, сахаридууд, аминхүчил, тосны хүчил, фермент, лигнин, салицилийн хүчил агуулсан байна.

10. Jojoba Oil

Жожобагийн тос нь төв Америк, Мексикээс гаралтай бутлаг ургамлын үрээс гардаг тос юм. Арьсыг гүн чийгшүүлэх чадвартайн дээр дараах тохиолдолд хэрэглэдэг. Үүнд: Арьсны түлэгдэл, цоорол, сорив, дерматат (арьсны үрэвсэл), хайрст үлд, батгашил, үрчлээний эсрэг үр дүнтэй. Төв америкчууд энэ тосыг олон үе дамжин эмчилгээнд хэрэглэж ирсэн байна. Мөн үс халцарч унаж байгаа хүмүүст хэрэглэхэд үс дахин ургах, үсний угын уутанцрын цэвэрлэж үс ургалтыг сайжруулах зэрэг сайн талтай юм байна.

Жожобагийн тосны хими бүтцийг судлахад урт ханаагүй тос хүчил агуулсан байдгаар байгальд байдаг бусад тосны хүчлээс өвөрмөц ялгаатай юм. Тиймдээ ч арьс чийгшүүлэгч хүч, хамгаалах чавдар, арьс, үс зөөллөн эрүүлжүүлэх чанар зэргээр бусдаас онцгой байдаг бизээ.

11. Almond Oil

Алмонд самар хүнсэнд хэрэглэхэд жин барих, зүрх судасны өвчин тусах эрсдэл бууруулах ба олон төрлийн амин дэм, ханаагүй тосны хүчилтэйг бид мэднэ. Алмондын тос арьсны эмгэг төрөгч бактери, вирусийн эсрэг, үрэвслийн эсрэг, харшил тууралтын эсрэг сайн нөлөөтэйг тэр бүр хүмүүс мэддэггүй. Хуурай арьстай хүмүүс арьс улайх, холцруутах зэргийн үед хэрэглэвэл үр дүнтэй чийгшүүлэгч болж чаддаг гэнэ.

Дээр өгүүлсэн зарим зүйлийн тос бидэнд шууд хэрэглэхээр олдоцгүй ч гэсэн таны хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орсон байж болох учраас дээрх мэдээллийг орууллаа.