Гоо сайхны бүтээгдэхүүний стандарт хэзээд хүнсий стандартаас хоцордог тул, найрлагад тавих хяналт дэлхий нийтээр сул гэж хэлж болохоор байгаа юм. Америкийн нэг эмэгтэй өдөрт дунджаар 12 нэр төрлийн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж, түүнд нь 168 нэр төрлийн бодис байна. Европын холбооны улс (ОУБ) гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад оруулж болохгүй 1300 нэр төрлийн бодисыг бүртгэсэн бол. АНУ энэ тал дээр зөвхөн 11 бодисыг хориглосон байдаг.

2018 онд Johnson & Johnson компанийн бүтээгдэхүүн хэрэглэсэн 22 эмэгтэйн өндгөвчний хавдар тальканд агуулагдах аспестозоос шалтгаалсан гэж буруутгагдан 4.9 тэрбум $ нөхөн төлбөрт орсон.

Guthy-Renker компаний WEN® үс арчилгааны бүтээгдэхүүнээс харшилсан, үс унасан хүмүүсийн гомдол гарч 26 сая $ нөхөн төлбөрт орсон.

Бактерийн эсрэг савангийн найрлагад ордог Triclosan бодис олон 10 жил хэрэглэгдсэний дараагаар 2016 онд АНУ-ийн хүнс, эмийн удирдлага FDA байгууллагын зүгээс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа.  Энэ бодисыг удаан хэрэглэхэд эмэнд дасалтай бактери үүсч байв. Гэхдээ одоог хүртэл зарим шүдний оо, нүүрний крем зэргийн найрлагад байсаар байна.

‘Natural’ гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн ч гаж нөлөөтэй байж болно. Үнэртүүлэгчгүй ‘unscented’ гэсэн тэмдэглэгээтэй байсан ч үнэр дарагч юм уу саармагжуулагч агуулсан байж болно. Гэхдээ бүтээгдэхүүний найрлага заавал бүрэн бичигдэх стандарттай учраас өөрийн болон гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлын төлөө найрлага (ingredient) хэсгийг судлан уншихад илүүдэхгүй юм.

ЭНЭ 9 ХОРТОЙ БОДИС ГОО САЙХАН, АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮНД ТҮГЭЭМЭЛ АГУУЛАГДСААР БАЙНА

1. Parabens

Парабенууд нь хадгалалтын хугацааг уртасгах үйлчилгээтэй бодис бөгөөд олон төрлийн саван, лоушны найрлагад ордог. Хэрэв бүтээгдэхүүнд ус орвол бактери үржүүлэгч болж хувирна. Парабенууд нь Methylparaben, Propylparaben, Isopropylparaben, isobutylparaben зэрэг олон хэлбэртэй байж болно. Ямар нэгэн ‘paraben’ гэсэн бичиг харагдвал хэрэглэх хэрэггүй. Парабенууд нь мөн дааврын тогтолцоонд нөлөөлж тухайлбал хүний эм бэлгийн даавар эстрогентэй төстэй үйлдэл гаргаж, дааврын тэнцвэрийг алдагдуулан, цаашлаад хөхний хавдар үүсгэж болох юм. Ялангуяа methylparaben хөхний хавдар үүсгэж байна гэсэн таамаглал гарлаа. Хөхний хавдрын эдийг шинжилж үзэхэд, сорьцоос 99%-д нь парабен илэрч байв.

2. Sodiun Lauryl sulfate, Sodium Laureth sulfate (SLS/SLES -товчлол)

Эдгээр нь хөөсрүүлэгч бодис бөгөөд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, шампунь, шүдний оо-ны найрлагад ордог. Голдуу харшил үүсгэх нөлөө байдаг ч тус бодисыг гаргаж авах химийн сульфатжуулах урвалд  хэрэглэдэг ‘nitrosamine’ нь хавдар үүсгэдэг гэж нотолсон баримтууд бий.

3. Toluene

Энэ бодис нь хумсны будаг, үсний будагны найрлагад ордог. Ууршимтхай шинж чанартай петрохимийн уусгагч бодис ба дархлаа тогтолцоог хордуулах, ургийг гаж нөлөө үүсгэдэг аюултай. Хэрэв та жирэмсэн бол хумс, үсээ будахаас аль болох татгалзах хэрэгтэй. Зайлшгүй шаардлага гарвал toluene агуулаагүй будаг лак хэрэглэхийг зөвлөж байна.

4. Phthelates

Энэ бодисоор бүтээгдэхүүнд зууралдамтгай байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэгдэнэ. Голдуу үнэртэн, үсний цацлага, хумсны будагны найрлагад орно. Олон янзын нэртэй зарагддаг. DBP, DEHP, DEP зэрэг товчилсон нэрсээр бүтээгдэхүүний найрлагад харагдаж болно. Парабенуудын адилаар дааврын тогтолцоонд нөлөөлнө, мөн ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэлтэй.

5. Polyethylene Glycol (PEG)

PEG нь шампунь, лоушн, нарны тосны найрлагад ордог. PEG-ууд ethylene oxide (хавдар үүсгэгч), 1,4-Dioxane (амьсгалын замын өвчлөл үүсгэдэг нь тогтоогдож канад улсад хориглогдсон) зэргээр амархан бохирлогддог учир хэрэглэхээс зайлсхийгээрэй.

6. Formaldehyde

Гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зорилгоор хэрэглэдэг. Хавдар үүсгэгч бодис төдийгүй багтраа, мэдрэлийн хордлого, хөгжлийн хоцрогдол зэрэгтэй хамаарал байна гэж үзэх болжээ. Дараах хэлбэрээр зүс өөрчлөн худалдаалагдаж байж болзошгүйг анхаарна уу. Үүнд quaternium-15, DMDM hydantoin, ба imidazolidinyl urea.

7. Oxybenzone

Нарны хамгаалалтын тос үндсэн 2 төрөл байдаг. Нэг нь химийн шүүгч, нөгөө нь минерал шүүгчтэй гэж ялгагдана. Нарны хамгаалалтын давхарга үүсгэх зорилгоор хэрэглэдэг энэ шүүгч бодис ихэвчлэн химийн буюу оксибензон агуулсан байдлаар зах зээлд зарагдана. Хими хэлбэр нь харшил үүсгэхээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй гэж мэдээлэгдсэн. Тиймээс өсөн бойжиж буй бага насны хүүхдэд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн энэ бодис чийгшүүлэгч, уруулын будагны найрлагад орж болдог.

8. Diethanolamine (DEA)

Хөөсрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг энэ бодис хавдар, амьсгалын замын өвчлөл үүсгэгч гэдэг нь батлагдсан учраас Европын холбооны улсуудад хувь хүний хэрэгцээт бүтээгдэхүүнд хийж үйлдвэрлэхийг хориглосон. Гэвч АНУ-д одоог хүртэл банны хөөс, биеийн саван, шампунь хийх найрлагад орж байна.

9. Triclosan

Бактер устгах үйлдэлтэй бодис бөгөөд урьд цагт бактерийн эсрэг савангийн найрлагад оруулдаг байсан юм. 2016 онд үүнийг савангийн найрлагад хийхийг хориглосон байдаг ч одоог хүртэл гоо сайхны бүтээгдэхүүнд хийсээр байна. Дан ганц бактерийн тэсвэртэй байдал үүсгээд зогсохгүй дааврын тогтолцоонд нөлөөлөх, гэдэсний үрэвсэл үүсгэх, хавдрын хэмжээг томруулах нөлөөтэй  байгааг хулгана дээр хийсэн туршилт харуулжээ. Шууд батлахад хэцүү ч гэлээ хэрэглээд байх эд биш байх нь.