Байгаль дэлхий хамгийн гоё хувцасаа өмссөн байна уу гэлтэй номин ногоон зүлэг ногоо, ойн гүнд ургах гүзээлзгэний анхилам үнэр, уулын эхээс ундран урсах усны чимээ гээд зун цаг хичнээн сайхан билээ. Аялал зугаалга, амралт үргэлжилж буй зуны дулаахан энэ л өдрүүдэд арьсаа хэрхэн арчилж, хурц нарнаас бие болоод нүүрний арьсаа хамгаалах, харлаж борлосон арьсыг хэрхэн цайруулах зэрэг зуны арьс арчилгааны доорхи зөвлөмжийг уншаад үзээрэй.

Зөвхөн эмэгтэйчүүд л арьсаа арчилдаг гэсэн хэвшмэл буруу ойлголт байгаад байдаг. Арьс арчилгаа нь зөвхөн гоо сайхан байхын нэр биш төдийгүй эрүүл мэнд, дархлаатай холбогддог тул хайртай аав, нөхөр, эрэгтэй дүүдээ ч бас арьсаа арчлахад нь тусалж байх хэрэгтэй шүү охид, эмэгтэйчүүдээ^^

~Өргөн саравчтай малгай өмсөх~

Жижиг саравч бүхий малгай нь нарны туяанаас нүүрийг бүрэн халхалж чадахгүй учир аль болох өргөн, урт саравчтай малгайг энэ зуны заавал өмсөх хувцасны нэгээр сонгоорой. Мөн түүнчлэн наранд удаан хугацаагаар гадаа байх тохиолдолд аль болох наранд түлэгдэхээс сэргийлж, хувцасаа тохируулж өмсөх нь чухал юм.

~Нарны тос түрхэх~

Нарны тосыг тогтмол хэрэглэж занших нь хурц наранд арьсаа түлэхээс хамгаалах, хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд үрчлээ, нөсөө толбо бий болохоос сэргийлэх, арьсны хавдар тусах магадлалыг бууруулдаг зэрэг чухал ач холбогдолтой. Нарны тосон дээр байдаг SPF тэмдэглэгээ нь арьсыг нарны UVB хэт ягаан туяанаас хамгаалах үзүүлэлтийг харуулсан тэмдэглэгээ юм.

  • SPF 15~UVB туяанаас 93% хамгаална

SPF 30~UVB туяанаас 97% хамгаална

SPF 50~UVB туяанаас 98% хамгаална

  • UVB, UVA тэмдэглэгээ нь нарны хэт ягаан цацраг туяануудын товчилсон нэр бөгөөд нарны тосон дээр PA+ тэмдэглэгээгээр тухайн бүтээгдэхүүний хэт ягаан туяанаас хамгаалах чадварыг заасан байдаг.   (+) тэмдэг нь олон болох тусам хамгаалах чадвар нь ихэснэ.  SPF бүхий нарны тос нь зөвхөн UVB туяаны эсрэг хамгаалалттай байдаг тул нэмэлт UVA хамгаалалттай нарны тосыг хэрэглэх нь илүү үр дүнтэй.
  • Нарны тосыг гадагш гарахаас өмнө 15 минутын өмнө түрхэж хэрэглэнэ. Зуны хурц нартай өдрүүдэд аялж, зугаалахдаа хоёр цаг тутамд нарны тосоо түрхэхээ мартуузай.

~Чийгшүүлэгч мист, тос хэрэглэх~

Хуурай, халуун цаг агаарт биеийн бүхий л арьс хуурайшиж, чийгээр дутагддаг. Энэ үед сэрүүцүүлэгч мист болон чийгшүүлэгч мист хэрэглэх нь арьсны хуурайшилтыг дарж, тайвшруулах үйлчилгээг үзүүлнэ. Алое агуулсан биеийн чийгшүүлэгч тос, гель нь биеийн арьс төдийгүй хуурайшсан үсийг чийгшүүлэхэд ихээхэн үр дүнтэй.

~Устай нөхөрлөх~

Халуун цаг агаар, гадаа удаан хугацаагаар байх зэрэг нь хүний биеийн дотоод шингэний хэмжээг багасгадаг ба шингэний дутагдалд орсоноор толгой өвдөх, ам хатах, толгой эргэх зэрэг өөрчлөлт хүний биед гардаг. Бие болон арьсны чийгшлийг хангаж, биеээс хорт бодисыг ялгаруулах үйл ажиллагааг хэвийн явуулахад өдөрт 8 стакан ус уух нь тустай. Хэрэв та кофейн агуулсан шингэн зүйл уусан бол уух усныхаа хэмжээг 3 дахин ихэсгэх хэрэгтэй байдаг байна.

~Хүйтэн шүршүүрт орох~

Наранд удаан явсны дараа халуун, бүлээн шүршүүрт орох нь арьсыг улам илүү хуурайшуулдаг. Мөн түүнчлэн их хөлөрч, халууцсаны дараа хүйтэн шүршүүрт орох нь арьсан дээр батга үүсэхээс сэргийлдэг байна.

~Хуурайшсан арьсыг гуужуулах~

Зуны арьс арчилгааны хамгийн чухал алхамын нэг бол гуужуулалт  юм. Нүүрний арьснаас гадны өвдөг, тохой, хөлийн ул гээд биеийн бусад хэсгээ ч бас шүршүүрт орохын өмнө гуужуулснаар арьс улам толигор, зөөлөн болдог байна. Гэрийн нөхцөлд биеийн гуужуулагч бэлдэх дараах орцыг хүргэж байна. Үүнд:

  • 100гр далайн давс
  • 100гр кофений нунтаг шаар
  • 50гр гүнжидийн тос
  • 100гр шингэн биеийн тос эдгээр найрлагыг хооронд нь хольж хийгээд л гуужуулагч бэлэн болно.

~Нүүр цэвэрлэх сальфетка хэрэглэх~

Аялал зугаалгаар явахдаа ч нүүр цэвэрлэгээгээ орхигдуулж яасан ч болохгүй юм. Учир нь арьс арчилгааны хамгийн гол зүйл нь цэвэрлэгээндээ байдаг. Арьсаа сайн цэвэрлэж, арчилснаар залуу насаа удаан хугацаанд хадгалах боломжтой юм. Их хэмжээний нүүрний будалт хийгээгүй ч гэсэн нүүрний арьсаа орой болгон тогтмол цэвэрлэж, хангалттай чийгшлийг өгөх нь аяллаас эргэж ирсний дараа ч арьс тань толигор, цэвэрхэн байхад туслах болно. Нүүр цэвэрлэх сальфеткыг давхар цэвэрлэгээнд ашиглах нь ус байхгүй үед ч цэвэрлэгээг бүрэн хийх боломжийг танд олгоно.

~Тарвас жимс идэх~

Шүүслэг бас амттай энэ жимсийг зуны улиралд их хэмжээгээр идэх нь арьсанд маш тустай болохыг арьс гоо засалч Nicolas Perricone, Instyle сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Тарвас нь антиоксидантаар маш баялаг жимс төдийгүй арьсанд чийгшил өгч, царайны өнгийг гэрэлтүүлдэг байна. Тарвас жимсийг байнга хүнсэндээ хэрэглэх нь арьсны хэт ягаан туяанаас хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг аж. Мөн түүнчлэн витамин С, Е-ээр баялаг жимс болох цитрус, бөөрөлзгөнө, улаан лооль, самар зэргийг байнга идвэл нарны хэт ягаан туяаны эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.

~Жимсээр нүүрэндээ маск тавих~

Гүзээлзгэнэ жимс нь нарны туяа болон насжилтын үр дүнд бий болсон нөсөө толбыг бүдгэрүүлэхэд тустай гэнэ шүү. Томоохон хэмжээтэй гүзээлзгэнийг хувааж, шүүсээр нь нүүрэндээ тойрог хэлбэрээр массаж хийгээд, хоёр минутын дараа нүүрээ усаар зайлж угаадаг энгийн хэрнээ үр дүнтэй арга байдаг байна.