Та эмнэлгийн мэргэжилтнүүд, гоо сайханчид эсвэл найзаасаа коллагений ач холбогдлын талаар сонсож байсан байх. Коллаген гэдэг үг хүн бүрийн амнаас гарч, олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, тос, эмийн найрлагад агуулагдаж байна. Үнэн эргэлзээтэй хосолсон тэдгээр түүхээс сонсохыг урьтал болголгүй дараах мэдээллийг уншаад нэг үзээрэй.

Коллаген нь хүний биед хамгийн түгээмэл тархсан уураг төдийгүй, арьс, булчин, цус, яс, мөгөөрс, шөрмөсийг бүрдүүлдэг холбогч эдийн гол хэсэг болдог. Тийм ховор нандин эд биш ч гэлээ зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Коллаген нь дараах эдийн бүтцийн нэгж хэсэг учир нэмэлтээр хэрэглэх шаардлага урган гардаг.

  1. Арьсны уян хатан чанарыг сайжруулна
  2. Яс булчинг холбож өгнө
  3. Эд эрхтнийг механик үйлчлэлээс хамгаална
  4. Үе мөч, шөрмөсний бүтцийг бий болгоно

Сайн мэдээ гэвэл хүний бие өөрөө коллегенийг нийлэгжүүлж (үүсгэж) байдаг. Гэвч нас нэмэхийн хирээр коллагений бие махбодод үүсэх хэмжээ алгуурхан багасдаг. Жишээлбэл өтлөх тусам арьсны коллагений хэмжээ багасч үрчлээ тогтно, үений мөгөөрс муудаж хөдөлгөөний далайц буурах, өвдөг өвдөх зэргээс ажиглагдаж болно.

Мөн бие дахь коллагений хэмжээг буурахад нөлөөлдөг олон зүйл байдгаас тамхи, нарны хэт ягаан туяа, эрүүл бус хооллолт, зарим төрлийн өвчин эмгэг нөлөөлдөг.

Та бие дахь коллагений үндсэн 5 ач холбогдлын талаар үргэлжлүүлэн уншаарай.

1. Арьсны хөгшрөлийг буцааж болох юм

Коллагений хамгийн чулхал үйлдэл арьсны үрчлээг багасгах, жигд толигор болгох ач тус юм. Энэ уураг арьсны уян хатан чанарыг сайжруулан, илүү залуу, эрүүл харагдуулдаг. Гэвч нас ахих тусам арьсанд гүн үрчлээ сууж, арьс унжиж сулран, хуурайшдаг. Хэрэв бид коллаген агуулсан бэлдмэл ууж хэрэглэвэл яах бол?

2014 онд 35-55 насны 46 (46/69) эмэгтэйг санамсаргүй байдлаар сонгон авч, коллаген-гидролизат бэлдмэл уулгаж судалжээ. 4 долоо хоногийн дараа коллаген хэрэглэсэн эмэгтэйчүүдийг коллаген хэрэглээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад арьсны уян чанар сайжирсан үзүүлэлттэй байжээ. Харин 8 долоо хоногийн дараа үрчлээ мэдэгдэхүйц багассан байна.

2. Арьсны целлулитийг бууруулж болох юм

Коллаген арьсыг толигор эрүүл байлгахаас гадна целлулитийг ч буруулах чадалтай. Арьсан доорх өөхөн эдийн хуримтлал нэмэгдээд ойр орчмынхоо арьс, холбогч эдийг дарж томрохыг цельлулит гэж хэлэх ба арьс жигд биш гүвдрүү, товруунуудтай юм шиг харагддаг.

2015 онд арьс нь гүвдрүүтэж (тууралт биш) товойсон целлулиттэй эмэгтэйчүүдээс санамсаргүй байдлаар 24-50 насны 105 эмэгтэйг сонгон коллаген пептид уулгаж судалжээ. 6 сарын дараа арьсны бүтэц жигдэрч, товойлт илт багассан байжээ. Гэвч энэ талаар илүү нарийн судлах шаардлагатай гэж дүгнэсэн. Орчин үед целилютийг эмчилдэг хамгийн тохиромжтой арга акустик долгион эмчилгээ хэвээрээ байна.

АНУ-н нийт эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь целлулиттэй гэхээр маш түгээмэл тохиолддог нь харагдаж байна. Целлулитээс болж эрүүл мэндийг ноцтой хохирол учирдаггүй ч гэлээ гадаад гоо сайхныг тань баллаж, махлаг, овортой харагдуулах муу талтай. Үүнийг мөн л нас ахихтай холбоотой гардаг үзэгдэл гэж үзэх хүмүүс байдаг.

3. Үе мөчний өвдөлтийг багасгаж болох юм

Нас нэмэгдэх тусам үений мөгөөрс илэгдэж, хөдөлгөөний идэвх муудан, хөшингө, үеэр өвдөх зовиур үүсч болдог. Коллаген, хондройтин, гиалуроны хүчил агуулсан бэлдмэл хэрэглэснээр мөгөөрсний илэгдэл буурч, бага боловч нөхөн төлжин, зовиур мэдэгдэхүйц багасдаг.

2009 онд тахианы хүзүүнээс гаргаж авсан коллаген II-ийг үений дегенераци өөрчлөлттэй хүмүүст хэрэглүүлж судлахад 90 хоногийн дараа остеоартрозын зовиур шаналгаа 40 хувь буурч, хүндрэл 33 хувиар багассан байна.

4. Хоол боловсруулах замын эрүүл мэндийг сайжруулж болох юм

Коллаген нь хоол боловсруулах зам, гэдэс дотрын ханыг бүрэлдэхүүнд орж, тэр хэсгийн уян хатан, бат бөх байдлыг хангаж, хамгаалж байдаг. 2003 онд хийгдсэн нэгэн судалгаагаар нарийн гэдэсний үрэвсэлт өөрчлөлттэй 170 хүний цусан дахь коллагений хэмжээ бага байсан нь тогтоогдсон. Чухам коллаген багассаны улмаас гэдэсний үрэвсэл үүссэн эсвэл, нарийн гэдэсний эмгэгийн улмаас хоолны шимэгдэлт муудаж улмаар коллаген бие үүсэлт багассан аль нь болох нь тогтоогдоогүй ч орчин үед коллаген нэмэлтээр хэрэглэснээр гэдэс доторын хана нөхөн төлжилт нэмэгдэж хоол боловсруулах зам илүү эрүүл, өвчлөл багатай байдаг нь тодорхой болсон байна.

5. Коллаген булчингийн эдийг нэмэгдүүлж өөхийг шатаана

Коллаген нь булчингийн эдийн чухал бүрдэл хэсэг учир булчингийн массыг нэмэгдүүлнэ гэдэгт гайхах зүйлгүй бизээ. Коллагенээс гадна глицин, амин хүчлүүд булчингийн креатиний үүсэлтийг (синтез) хангаж өгнө.

2015 онд булчингийн тэжээлийн дутагдалтай (саркопени) ахимаг насны 53 эрэгтэйд коллаген тэжээл уулгаж судалсан. 12 долоо хоногийн дараа хяналтын бүлэгтэй харьцуулахад булчингийн масс нэмэгдэн, өөхний хэмжээ багасаж, улмаар дасгалын ачаалал даах чадвар илт нэмэгдсэн байна.

Хоол хүнс амьтны гаралтай уургаар (мах) баялаг байхад биед коллаген хэр барагтаа дутахгүй ч гэлээ наранд ил гардаг нүүрний арьс гарын хэсгээр коллаген ирээр задарч үгүй болдог тул тэр хэсэгтээ гаднаас түрхэх хэрэглэх, нас нэмэгдэхийн хирээр хоол унднаас үл шалтгаалан бие махбодод үүсэх коллагений хэмжээ буурдаг учир тэжээл байдлаар ууж хэрэглэх хэрэгтэй юм. Коллаген бол угаас бие махбодын бүтцийн хэсэг учир ууж хэрэглэхэд харшлах, хортой үйлдэл үгүй юм.

КОЛЛАГЕНИЙ ТАЛААР ШИНЖЛЭХ УХААНЫ ӨНЦГӨӨС НЭГ ХАРААРАЙ

Коллаген гэдэг нь грекийн κόλλα–γέν буюу “Цавуу-үүсгэгч” гэсэн үгнээс гаралтай. Эрт цагт мал амьтны арьс хуйх, шөрмөсийг буцалган наалдамхай зүйл гаргаж авдаг байсантай холбоотой тийм нэршилтэй болжээ.

Коллаген нь эсийн гаднах матриц (эдийн шингэн, зөөлөн эд), холбогч эдийн үндсэн уураг юм. Хүний биеийн 65-70%  ус, 18-20 % уураг, ~12%  өөх байдаг бол, биеийн нийт уургийн 25-35 хувь нь зөвхөн коллаген байдаг (2011 оны байдлаар 28 төрлийн коллаген бүртгэгдсэн). Коллаген уураг хамгийн ихтэй биеийн хэсэг нь шөрмөс, мөгөөрс, арьс юм.

Коллаген уураг эрдэсжих чадвартай, хамгийн их эрдэсжсэн хэсэг буюу ясны эд үндсэндээ коллаген ба кальцийн гидроксиапатитын хоршил юм. Шөрмөс, мөгөөрс ч гэсэн коллагений янз бүрийн түвшин дэхь эрдэсжсэн эд гэж ойлгож болно. Нүдний эвэрлэг бүрхүүл, цусны судас, гэдэс дотрын хана, нурууны нугалам хоорондын жийргэвч, шүдний дентин давхарга ч коллаген уургийн бүтээл билээ.

Булчингийн эндэмиозин давхаргын үндсэн хэсгийг коллаген бүрдүүлж, нийт булчингийн массын 2 хувийг эзэлнэ. Желатин гэгдэх хүнсэнд хэрэглэдэг зүйл бол гидролизид оруулсан коллаген юм. Коллаген биеийн тулгуур эд болохоос гадна хүний биеийг бүхэлд нь бүрхэж байдаг арьсны уян, бат бэх байдлыг нөхцөлдүүлж байдаг чухал уураг болохоор анагаах ухаанд олон төрлийн эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг.

Химийн хувьд уургийг молекулийн гурвалсан мушгиа үүсгэсэн байх ба бусад уургаас ялгарах онцлог гирдорксипролин (уургийн бус аминхүчил) агуулсан байдаг. Хүний бие махбодод коллагенийг гидролизид оруулж байх хэрэглэвэл тохиромжтой байдаг. Юу гэсэн үг вэ гэж үү? Коллаген уураг харьцангуй “том” масстай учраас, арьсанд шууд түрхэж хэрэглэвэл арьсанд шингэхгүй өөрөөр хэлбэл арьсны жижиг нүх сүвээр орохгүй, ууж хэрэглэвэл хоол боловсруулах замд заавал задарч амин хүчил хэлбэрээр бие махбодид ашиглагдана.

Тийм учраас гидролизид оруулж байж арьсанд хэрэглэснээр арьсны үрчлээ багасан, илүү толигор, уян хатан болох юм. Нас ахих тусам бие дэхь коллаген үүсэлт багасах учир ахимаг настай хүмүүс ууж хэрэглэн арьс, тулгуур, зөөлөн эдийг нөхөн төлжүүлдэг болоод олон жил болжээ. Япон эмч Монголоос нутаг буцахдаа -“Монгол эмч нар коллагены тухай  мэдэхгүй байна” гээд халагласан гэдэг. Гашуун ч гэлээ үнэн билээ.

Коллаген уураг эдийн бат бэх байдлыг хангах төдийгүй усны өөртөө барьж байх чадвартай. Арьсны үндсэн давхрага (мезодерм) -ийн хамгийн чухал хэсэг нь коллаген. Арьсны коллагений хэмжээ хангалттай бол үрчлээ тогтох нь бага, арьс чийглэг, толигор харагдах юм.