Хамгийн дуртай гоо сайхны бүтээгдэхүүнээ нэрлээч гэж асуувал миний хувьд нүүрний маскыг нэрлэнэ. Гэрийн нөхцөлд нүүрэндээ маск тавьснаар хорьхон минут зарцуулаад л арьсаа чийгшүүлж, тайвшруулах боломжтой байдаг шүү дээ.

Бидний сайн мэдэх сальфеткан буюу sheet mask-г анх 18-р зуунд Англид Madame Rowley хэмээх хүн зохион бүтээсэн байна. Тухайн үед ихэс, дээдсүүд л маскийг арьсаа цайруулах, арьсны өнгөө сэргээхэд хэрэглэдэг байсан бөгөөд одоогийн маскнаас ялгаатай нь толгойноос уяж ашигладаг хэрэгсэлтэй байсан бөгөөд орой унтахдаа тавиад өглөө нь авдаг байжээ.

Анхандаа нүүрний масканд нүд, хамар ил гарах онгорхой хэсэг байхгүй байсны улмаас амьсгалахад их төвөгтэй байв. Тэр үеэс хойш шинжлэх ухаан, үйлдвэрлэл, гоо сайхны салбар хөгжихийн хирээр эмэгтэй хүний арьс арчилгааны чухал зэмсэг болсон маскны олон төрлүүд бий болсон бөгөөд тэр бүгд нь үзүүлэх үйлчилгээ, зориулалтаараа хоорондоо ихээхэн ялгаатай юм.

Зах зээл дээр худалдаалагдаж буй нүүрний маскны олон төрөл байгаа ч ерөнхийд нь 8 төрөлд хувааж авч үзэж болох юм. Үүнд:

Гуужуулагч маск

Энэ төрлийн маск нь арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж, шинэ арьс нөхөн төлжихөд чухал үүрэгтэй. Маскыг тавьсаны дараа арьс зөөлөн, шинэчлэгдсэн мэт мэдрэмж төрүүлдэг. Ихэнх гуужуулагч маск нь спирт агуулсан байдаг тул эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс арьсны онцлогт тохирсоныг сонгож хэрэглэх нь зүйтэй.

Нүүрний маск

Шавран болон нүүрсэн маск

Та өөрийн арьсны бохирдлыг цэвэрлэн, детокс хийхийг (хоргүйжүүлэх) хүсч байгаа бол шавран болон нүүрсэн маск хамгийн зөв сонголт юм.  Энэ төрлийн маскнууд нь арьсны илүүдэл бохирдлыг сайн гаргахын зэрэгцээ нүхжилтийг багасгахад тустай. Маскыг хэт хуурай хаттал нь арьсан дээрээ байлгах хэрэггүй ба бага зэрэг хатсаны дараа усаар зайлж угаадаг.

Нүүрний маск

Сальфеткан маск

Сальфеткан маск буюу нэг удаагийн маск нь хэрэглэхэд хялбар байдгаараа бусад маскнаас давуу талтай. Бүх төрлийн арьсанд зориулагдсан сальфеткан маск байдаг ба үрчлээний эсрэг, нүхжилт багасгах, арьсны уян хатан байдлыг сайжруулах гэх мэт маш олон үйлчилгээтэй маскнууд бий.

Маскаа 15-20 минут нүүрэн дээрээ тавьсаны дараа хуйлж аваад арьсан дээрхи үлдэгдэл серум буюу ийлдсийг зөөлөн товшиж нүүрэндээ шингээж хэрэглэдэг. Удаан хугацаанд маскаа хаттал тавьбал  маск нь чийгийг өөртөө буцааж шингээж үр дүнгүй болох учир тогтсон хугацаанд зөв хэрэглэх хэрэгтэй.

Нүүрний маск

Шөнийн маск

Энэ төрлийн маск нь таны арьсыг унтаж байх хооронд дээд зэргээр чийгшүүлж өгдөг ба ихэвчлэн өтгөн бүтэцтэй байдаг.  Sleeping pack буюу шөнийн маск нь эмчилгээний серум агуулсан байдаг тул шөнийн арьс арчилгаанд ашиглах чухал бүтээгдэхүүний нэг юм. Жижиг үрчлээ зураас үүсч буй болон хуурай арьсанд хамгийн тохиромжтой. Мөн тослог арьсанд зориулсан шөнийн маск ч байдаг.

Нүүрний маск

Нүдний маск

Хагас сар хэлбэртэй, нүдний доор тавьж хэрэглэдэг маск нь нүдний доогуурхи үрчлээ, зураасыг арилгах, нүдний бараан хүрээг алга болгох, арьс чангалах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Хэрэв таны нүд хавагнаад байдаг бол нүдний маскаа хөргөгчинд байлгаж байгаад хүйтнээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.

Нүүрний маск

Хүчиллэг маск

Энэ төрлийн маск нь арьсны үхэжсэн хэсгийг арилгаж, арьсыг булбарай зөөлөн болгодог. Хэрэв та эмзэг арьстай бол хүчиллэг маск хамгийн зөв сонголт байх болно. Гэхдээ амино хүчиллэг маскийг хэрэглэхээс өмнө арьсныхаа нэг хэсэгхэн газарт тест байдлаар түрхэж үзэх хэрэгтэй. Мөн түүнчлэн хүчиллэг маск нь батганы асуудалтай арьстай хүмүүс болон өө сэв ихтэй, үрчлээ үүссэн арьсанд ихээхэн нөлөө үзүүлдэг.

Нүүрний маск

Зөгийн балтай нүүрний маск

Зөгийн балтай маск нь өтгөн зунгаарсан хэлбэртэй байдаг тул хэрэглэхэд жоохон түвэгтэй ч хамгийн үр дүн сайтай маскуудын нэг юм. Бүх төрлийн арьсанд тохиромжтой байдаг. Эмзэг арьсанд зөөлнөөр үйлчлэх, батга асуудалтай арьсанд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх,  хуурай болон үрчлээ үүсч буй арьсанд чийгшил өгөх зэрэг энэ бүх ажлыг ганцхан зөгийн балтай нүүрний маск хийдэг гээд боддоо.

Нүүрний маск

Усан маск

Гоо сайхны ертөнцөд шинээр мэндэлсэн усан маск буюу шингэн хэлбэртэй энэхүү маск нь арван тавхан секундэд таны арьсыг эмчилгээний бодисоор хангах чадвартай. Маш баялаг бүтэцтэй тул арьсанд хурдан шингэж, нөлөө үзүүлдэг байна.

Нүүрний маск