Хар батга гэж юу вэ? Арилгах арга, Хар батга үүсэх шалтгаанууд

Таны хөөрхөн царай дээр хар батга гараад ирвэл яах вэ? Аль болох хурдан салахыг хүснэ. Оролдож, шахаж байж арай гэж цэвэрлэж авсны дараа дахиад гараад ирнэ. Заримдаа бүүр хар зах шиг шавааралдаад гараад ирдэг гээч. Тэглээ гээд шантарч болохгүй шүү бүсгүйчүүдээ!

Та бүхэндээ хар батганы тухай зохистой ойлголт өгч, яаж эмчлэх, цаашид хэрхэн батганаас зайлсхийж болох талаар санал бодлоо хуваалцахаар шийдлээ. Зөв ойлголттой байх нь хар батгатай тулах тэмцэлд таныг ялагч болгох нэг зэвсэг байж болох юм.

1. Хар батга гэж яг юу вэ?

Арьсанд байх үсний хүүдий дотор гуужсан эсийн үлдэгдэл, бактери (бактеригүй ч байж болно), тосны шүүрэл зэрэг хуримтлагдсан зүйл.

2. Яагаад хар өнгөтэй байдаг вэ?

Би мэднээ.. арьсны сүвэнд хуримтлагдсан хир гэж олон хүн боддог байх. Мөн арьсаа сайн угааж байвал хар батга огт үүсэхгүй ч гэж бодож болох юм. Гэвч энэ бол ташаа ойлголт байна. Нарийн тайлбарлавал хар батганы толгой агаартай харьцдаг учир дээр хэлсэнчлэн үхсэн арьсны эсүүдийн дотор байх пигмент меланин гэх бодис агаарын 02-той исэлдэн хар өнгийн батганы толгой үүсгэнэ.

3. Тэгвэл юунаас болоод нүүрэнд хар батга гараад ирдэг вэ?

Хамгийн гол шалтгаан нь тосны булчирхайн шүүрэл ихсэлт. Батга 11-30 насны хүмүүсийн 75 хувьд тохиолддог. Яагаад эрүүл залуу насанд заавал гарна гэж. Мэдээж хариулт нь маш тодорхой. Бэлгийн бойжилтын үедээ хүний андроген дааврын төвшин огцом өсч энэ нь тосны булчирхайн шүүрлийн ихэсгэснээс болж, тухайн шүүрэл арьсны сүвээр дээш гадагшилж амжилгүй нүхэндээ арьсны гуужсан эсүүдтэй хамт тагларснаас болж батга үүсдэг байна. Мөн стресс, тамхи, нойргүйдэл зэрэг олон хүчин зүйлс дам нөлөө үзүүлэх боломжтой байна.

4. Батга маск тавиад хуулахад хангалттай биш гэж үү?

Сайн чанарын маскаар батга хуулах нь амархан, сонирхолтой арга билээ. Гэхдээ батгаа хуулсны дараах арьс арчилгааг дутуу хийвэл өнөөх нүхэнд дахин батга үүсэх хандлагатай байдаг.

5. Ретинойд танд тусалж чадна!

Ретинойд болон салицилийн хүчлийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн батганы сүвний бохирдлыг цэвэрлэн, эрүүл арьсыг төлжүүлж, дахин батга үүсэхээс сэргийлдэг сайн аюулгүй арга юм. Ретинойд гэдэг нь Витамин А-ийн урьтал бодис харин салицилийн хүчил нь жоргүй олгодог эмийн жагсаалтад орсон бүтээгдэхүүн билээ. Эдгээр нь бусад аргыг бодвол эмчилгээний дараах нөсөөжилт үүсгэдэггүй давуу талтай байна. Батга хуулагч маскийн дараа хэрэглэвэл тохиромжтой.

6. Хар батгаа дахиад л шахах гэж байна уу?

Гараар батга шахах хялбар шигээ сөрөг үр дагавар дагуулах нь түгээмэл билээ. Гараар шахсанаас болж  арьс илүү гэмтэж, дутуу шахагдан, дахин батга гарах, заримдаа сүв бохирлогдон үрэвсэн улайх, түүнээс шалтгаалсан жижиг сорив үлдэх ч уршиг дагуулдаг тул битгий шахаарай гэж гоо сайхны эмч нар зөвлөдөг юм.

7. Хэт угаах бас хэрэггүй шүү!

Арьсаа угааж цэвэрлэх нь цэвэр сайхан арьстай байх гол зам мөн ч хэт их угаах хэрэггүй гэжээ. Яагаад гэж үү! Өдөрт 2-3 удаа зөв угаахад л хангалттай юм. Шаардлагагүй үед нүүрээ дахин дахин угаах нь арьсыг цочроож, хуурайшуулдаг байна. Үүнээс болж тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжин хэвийн үеийнхээс илүү тос ялгаруулах арьсны физиологийн зохицуулга ажиллаад ирдэг. Үүнээс шалтгаалж улам л их батга гардаг юм.

8. Үрж угаавал яах бол?

Зарим хүмүүс батгаа үрж угаадаг. Энэ хэр зөв арга бол? Зарим хар батганы толгой нь ховхорч унаад харахад батга багассан юм шиг байж болно. Энэ тохиолдолд батганы сүв илүү нээгдэж бактери үржих боломжийг гаргаж өгч байгаа хэрэг. Ингэснээр улайж үрэвсэн, батганы сүвийг илүү томруулах, эдгэрэлт удаашрах муу талтай. Батга бол хиртсэн арьс биш гэж дахин сануулах хэрэг юу билээ.

9. Батгатай арьсанд ямар бүтээгдэхүүн түлхүү сонгож хэрэглэх вэ?

Тосон суурьтай арьс цэвэрлэгч тохиромж муутай учир усан суурьтайг сонгож хэрэглэвэл арьсны сүвийг гаднаас нь бөглөхгүй сайн талтай. Эмзэг нүүрийн савангаар угааж болно.

10. Зөөлөн харьц!:

Эцэст нь биш ч гэлээ эцэст нь хэлэхэд таны санаж явах ёстой хамгийн гол зүйл арьсандаа нямбай зөөлөн харьцаж байгаарай. Батга хэдий уурыг чинь хүргэж байсан ч хүчтэй, цочроогч нөлөөтэй бүтээгдэхүүн хэрэглээд байвал арьс тань гэмтэнэ. Магадгүй арьсаа дордуулж ч болно. Аль болох сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн сонгож авах тал дээр баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч байгаарай. Хэрэв тэгж чадвал та хүссэн үр дүндээ хурдан хүрч болох юм. Зарим ноцтой тохиолдолд мэргэжлийн гоо сайхны эмнэлэгт хандвал таны арьсны байдалд тохирсон эмчилгээг сонгож өгөх боломж байгааг санахад илүүдэхгүй юм.

ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХЭРЭГЛЭДЭГ ХАР БАТГАНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУДААС

1. Ретинойд агуулсан гоо сайханы бүтээгдэхүүн

Энэ нь А витамины урьтал бодис ба батганы сүвийг арьсны эсүүд нөхөн төлжих үйл явцын сайжруулна. Ингэснээр батганы нүх хурдан агшиж, гэмтсэн арьсны оронд эрүүл арьс бий болох юм.

2. Дикарбоксилийн хүчил агуулсан бүтээгдэхүүн (бодисын худалдааны нэршил-Azelaic acid)

Хар болон цагаан батганы эмчилгээнд хэрэглэгдэж болох органик сул хүчил юм. Эмчилгээний гол 3 үйлдэл үзүүлнэ. Үүнд:

А. Батгад байх бактерийг устгаж, үрэвслийг дарах үйлдэл

ВБатга орчимд үүссэн кератин гэдэг бодисын хэмжээг бууруулна. Бактери өсөж үржихдээ энэ бодисыг ашигладаг тул түүнийг өсөлт саатна.

Батганы  дараа эвсэл янз бүрийн арьсны үрэвслийн дараа нөсөө үлдэж болно. Арьсны нөсөө (нөсөөжилт) гэдэг нь арьсанд үүсэх бараан толбо юм. Энэ нөсөө чухам меланин гэдэг бараан өнгө  үүсгэдэг бодистой холбоотой. Харин Azelaic acid меланин үүсгэхэд оролцдог тирозиназа энзимийг хориглосноор меланины хэмжээг буурч, ингэснээр үлдэх нөсөө ч багасах ач тустай.

3. Салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүн

Зөвхөн батга гэлтгүй олон төрлийн арьсны өвчний үед зааврын дагуу хэрэглэж болох хүчил юм. Голдуу арьс гуужуулагчийн найрлагад орж, тэр ч зорилгоор илүү хэрэглэгдэж ирсэн. Харин батганы тухайд бол цэвэршүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Батга арилсны дараа ч багахан хугацаанд хэрэглэх нь дахин батга гарахаас сэргийлэх ач холбогдолтой.

4. Бензил пероксид агуулсан бүтээгдэхүүн

Энэ бодис цайруулагч (bleaching) байдлаар түгээмэл хэрэглэгддэг гэдгийг бид мэднэ. Заримдаа батга хүндэрч эдгэрэхэд төвөгтэй болдог. Энэ бодисыг антибиотикууд жишээлбэл клиндамицин зэрэгтэй хольж тосон түрхэц, гель, шингэн байдлаар батганы эмчилгээнд хэрэглэж байна.  Арьсанд хэрэглэхэд гаж нөлөө илрэх явдал их ажиглагддаг. Үүнд: Арьс цочрох, хуурайших, өнгөц давхарга гуужиж, ховор тохиолдолд халуу оргих, загатнах, хавдах зэрэг хүндрэл гардгийг анхааруулж байна. Ийм зовиур илэрсэн хэрэглэгчдийн арьс хэд хоногийн дараагаас хэвийн байдалдаа ордог байна. Түрхэж хэрэглэхэд бактерийг үхүүлэх (bactericidal effect) үйлдэлтэй. Ялангуяа цагаан батга томорч үрэвсэж өвчин орсон үед P. Acnes (Propionibacterium acnes)  бактерийн устгах үйлдэлтэй. Харин ретинойдтой хамт хэрэглэвэл ретинойдын үйлдэл арилдаг сул талтай байдаг. Хөнгөн хэлбэрийн арьсны батгатай хүнд ийм бүтээгдэхүүн ухаалаг сонголт байж чадахгүй бололтой.

Хүмүүс ихэвчлэн эдгээр аргыг мэдэхгүй улмаас цаг хугацаа алддаг. Бүх хүмүүст биш ч гэлээ заримдаа батга, түүний нүхний хэмжээ томорч, арьсанд халдвар орж, эдгэрэхэд бэрхшээлтэй болсны дараагаар мэргэжлийн гоо сайханчид хандан илүү инвазив аргаар эмчлэгдэнэ. Арай цөөн тохиолдолд шилжилтийн нас өнгөртөл тоолгүй явсаар барзгар сорвитой нүүртэй болж хоцордог. Иймд боломжийг ашиглан залуу насаа гэрэлтсэн цэвэрхэн арьстай үдэхийн төлөө тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай. Залуу нас гэдэг амьдралд тохиох үнэтэй мөч хором бүрийг аз жаргалаар дүүрэн, өөртөө итгэлтэй, харц булаам өнгөрүүлнэ гэдэг хамгийн чухал зүйлийн нэг билээ. Залуу насаа царай муутай харагдаж өнгөрөөх эрх бидэнд байхгүй шүү.

Санал болгох бүтээгдэхүүн