Туранхай хүмүүсийн нууцын талаар судалгаа хийсэн Австралийн SBS баримтат нэвтрүүлэгт хүссэн бүхнээ идээд таргалахгүй байгаа хүмүүст метаболизмын* онцлогоос гадна өөр хүчин зүйл таргалахгүй байхад тусалдаг уу гэдэг сэдвээр байлаа.

Илүүдэл жинтэй байхыг хүсэхгүй л байгаа бол дасгал, хооллолтоо анхаарах ёстой гэж бидний ухаан тойнд орсон ойлголт.

Гэтэл зарим хүмүүс замбараагүй идээд ч жин нэмэхгүй байгаа нь ажиглагддаг. Бусдаас ялгарах энэ онцлог нь эцэг эхээс заяасан удмын бодисын солилцооны эрчим өндөртэйгөөс болж байна уу?

Гэгээн Мэригийн (Лондон) их сургуулийн профессор Джон Бревер ярилцлагадаа: ‘Бодисын солилцооны эрчим өндөр байх нь дан ганц эрүүл жинтэй байхад нөлөөлдөггүй, бодисын солилцооны эрчмээс илүү идсэн хоолны нийт илчлэг хүний биеийн жинд илүү бодитоор нөлөөлдөг, харин ч илүүдэл жинтэй хүмүүсийг шинжлэхэд бодисын солилцооны эрчим хэвийн юмуу өндөр тохиолдол их байдаг’ гэжээ.

Профессор цааш нь: ‘Хэрэв танд өдөрт 2000 Ккалори хэрэгтэй байлаа гэж үзвэл илүү хэдхэн жигнэмэг идсэнийхээ төлөө 2300 Ккал илчлэг авч, энэ нь бага багаар ч болов жин нэмэхэд нөлөөлдөг, хэрэв та өдөр бүр ердөө 100ккал илүү идвэл 8 сарын дараа таны бие 1кг нэмэх болно’ гэж тайлбарлажээ.

Мөн энэ баримтат нэвтрүүлэгт 2 эмэгтэй сайн дураар оролцсон

Эми 37 настай, 178 өндөр, 80кг жинтэй. Анна 41 настай, 170см өндөр, 60кг жинтэй. Эмэгтэйчүүд хүүхэд наснаасаа эхлэн хоолны ямар нэгэн дэглэм барилгүй одоог хүртэл хэвийн жинтэй байгаа. Эдгээр эмэгтэйчүүдийн бодисын солилцооны эрчим ч мөн хэвийн дундаж түвшинд байжээ.

Тэдний тохирсон жинтэй байгаа нууцыг мэдэхийн тулд судалгааны олон хоногийн турш гэр, ажил, гадуур хаа ч явсан камерийн дурангаас салгаагүй юм.

Эмэгтэйчүүдийн хоолны дуршил сайн, хангалттай идэж байв. Хэрэв эмэгтэйчүүд нэг өдөр эрүүл биш түргэн хоол хэрэглэвэл дараагийн өдөр нь бага хоол идэж байгаа нь ажиглагджээ.

1. Тэд шөнө 6-8 цаг унтдаг

Анна дунджаар 8-9 цаг унтдаг бол Эми 7 цаг орчим унтаж байлаа.

Варвекийн их сургуулийн профессор (CVM) Францеско Капучино ‘Өдөрт 6 цаг ба түүнээс бага унтдаг бол илүүдэл жинтэй болох магадлал нэмэгдэнэ’ гэжээ.

Тэрээр үүнийг 2 даавартай холбон тайлбарлажээ. Эхнийх нь ЛЕПТИН -өөхний эсийг нэмэгдүүлнэ, нөгөө нь ГРЕЛИН хоол боловсруулах замаас ялгарч таргалуулдаг гэжээ.

Хэвийн үед энэ 2 даавар нэг нь ихсэхэд нөгөө нь буурдаг жамтай, нойр дутуу бол энэ зүй тогтол гажиж өлсөх мэдрэмж өлсөөгүй үед ч үүсдэг учраас илүү идэж таргалдаг гэжээ.

2. Эмэгтэйчүүд алкохолын төрлийг маш бага эсвэл огт хэрэглэдэггүй

Энэ нь нүүрс-ус агуулсан спиртийн төрлийн ундыг хэрэглэн нэмэлт илчлэг авдаггүй гэсэн утгатай.

3. Тэд хэт орой хоол иддэггүй

Эми, Анна хоёрын идэх хэмжээ их ч гэлээ гэртээ хоолоо хийж иддэг зуршилтай бөгөөд гадуур хоололдоггүй. Бэлэн бүтээгдэхүүн бараг хэрэглэхгүй байв.

4. Тэд хоолоо сууж байгаад тухтай иддэг

Суррэй их сургуулийн (Их Британи) сэтгэл судлалын профессор Жэйн Огдены судалгаанд тэмдэглэснээр -Босч явж байхдаа идсэн хоолны хэмжээ суугаад тайван идсэн хэмжээнээс бараг 2 дахин илчлэгтэй байдаг гэж баримтат нэвтрүүлэгт дурдагджээ.

5. Тэд зууш, амттан бараг хэрэглэдэггүй

Эми, Анна 2 бараг дэл сул юм ‘хэвж явдаггүй’ зөвхөн үндсэн хоолныхоо өмнө багахан юм иддэг байна.

6. Тэд хангалттай иддэг ч амьдралын хэв маяг илчлэг шатаах дасгал болдог

Судалгаанд хамрагдсан 2 мань дасгал, фитнессийн хуваарь, төлөвлөлт огт байхгүй ч өдөр тутмын амьдралын хэв, дадал зуршил хангалттай илчлэг шатаах дасгал болж байлаа.

Энэ баримтат нэвтрүүлгээс дүгнээд хэлэхэд зөв амьдралын хэвшил тогтсон хүн таргалахгүй байх боломжтой юм.

ТАЙЛБАР.

Метаболизм буюу бодисын солилцоо гэдэг нь товчхондоо хүний биед орсон хоол унд, ходоодонд боловсорч, нарийн гэдсэнд шимэгдэн, цусанд орж биеийн илчлэг, тэжээл, бүтцийн хэсгийг нөхөн төлжүүлж хэрэглэгдээд, биеэс хөлс, шээс, өтгөн зэргээр дамжин гадагшлах цогц үйл явц юм.

Бодисын солилцооны эрчим өндөртэй хүн гэдэг нь: Идсэн хоолны илчлэг биед хурдан шатаж хуримтлахгүй буюу хэр барагтаа таргалах завшаан тохиохгүй азтай хүмүүсийг гэж байгаа хэрэг. Их идсэн ч таргалахгүй байх онцлог ээж ааваас нь удамшсан байх нь элбэг. Нийт хүн амын дунд тийм хүмүүс элбэг биш солгой хүн таардгаас бага магадлалтай тохионо.